Хэнтий: Их хуралдай анх хуралдсан газарт аялал жуулчлалын цогцолбор байгуулжээ
Хөдөөгийн баясгалан
2025-06-25
Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Онон Хурхын бэлчирт Ононы цагаан нуурын ойролцоо байгуулсан "Их хуралдай" цогцолбор өргөөг энэ сарын 22-нд нээж, үйл ажиллагааг нь эхлүүллээ. Тус газар нь Чингис хаан олноо өргөмжлөгдсөнийхөө дараа анхны Их хуралдай хуралдуулсан түүхэн дурсгалт ач холбогдолтой ажээ. Тиймээс Засгийн газраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн юм. Уг цогцолборт Чингис хааны байгуулсан төрийн сүлд шүтээн болох Есөн хөлт цагаан туг, Их хааны ургийн наран тамга, Гүег хааны тамганы дардас, Их Хуралдай хуралдах үеийн хаад, язгууртнуудын ордонд байрлан суух дэг ёсыг харуулсан сандал, туг, хүндэтгэлийн танхимыг зохиомжлон хийжээ. Мөн хаалга бүрийн дотор Монголын нууц товчоо, Шар тууж, Асрагч нэртийн түүх зэрэг эх сурвалжийн эшлэлийг монгол бичгээр бичиж, цогцолборт нэг ч хадаас оруулалгүй углуургадаж бүтээсэн байна. Цогцолборын барилгын зоорины ажил, гадна тохижилт, шугам сүлжээг “Мөнх-Өргөө” компани, барилгын интерьер, дотоод уран сийлбэр, гадна цахилгаан хангамжийг “Хангайн цагаан чулуу” компани тус тус хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.