Шинэ байранд орсон өдөр нь Өвөр Монголын музейг 25 мянган хүн үзжээ
Анд нөхдийн мэдээ
2025-06-23
Хөххот дахь Өвөр Монголын музей энэ сарын 20-нд шинэ байрандаа орж нээлтийн ёслол зохион байгуулсан талаар “Синьхуа” агентлаг мэдээллээ. Нийт 147 мянган м/кв талбай бүхий музейн үзэсгэлэнгийн танхимын хэмжээ 39 мянган м/кв аж. Ийнхүү өмнөхөөсөө 2.3 дахин том талбайтай болсноос гадна үзэсгэлэнгийн танхим нь хоёр дахин том болсон байна. Ингэснээр 8000 хүн хүлээж авах хүчин чадалтай байсан тус музей нэг дор 29000 хүн хүлээн авах хүчин чадалтай болж өргөжсөн бөгөөд шинэ музей хуучнаасаа ердөө гурван км зайд оршиж байгаа аж. Хуучин музейн байрыг 2007 онд барьж ашиглалтад оруулан, 2020 онд засварлаж байсан билээ. Музейн шинэ байрны үзэсгэлэнгийн арван танхимд 3000 гаруй үзмэр дэлгэж, “DeepSeek” хиймэл оюун ухаант холограф тайлбарлагч тавьснаас эхлэн орчин үеийн техник технологийн шийдлийг бүрэн ашиглажээ. Тухайлбал, үзмэрүүдийг үзэхдээ VR шилээр харах, робот хөтчийн хамтаар музейг тойрох, дижитал интерактив байдлаар харах боломжтой юм байна. Түүнчлэн олон хэлээр тайлбар хийдэг аудио буюу дуут хөтөч хийх мянга гаруй төхөөрөмж суурилуулжээ. Дуут хөтөч нь монгол хэлтэй төдийгүй асуултад хариулах ухаалаг функцтэй гэнэ. Музейг нээсэн өдөр 25095 хүн үзжээ.
Гэрэл зургийн эх сурвалж: "Синьхуа" агентлаг.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.