Архангай: Лабораторид үржүүлсэн 300 мянган загасны жарамгайг голд тавьжээ
Хөдөөгийн баясгалан
2025-06-20
"Чулуут тул" төслийн 2025 оны загас үржүүлгийн ажил амжилттай өндөрлөж, цэнгэг усны индикатор болох тул, шөвгөр хоншоорт зэвэг, шивэр хадран загасны 300 мянга орчим жарамгайг Архангай аймгийн Тариат сумын нутаг Чулуут, Суман, Алтаад голуудад тавьжээ. Төслийн баг 2019 оноос хойш зургаан жилийн хугацаанд гурван сая орчим жарамгай үржүүлэн эх голд нь тавьсан байна. Ингэхдээ бүрэн тоноглогдсон хээрийн лабораторид үржүүлэн байгалийн нөөцийг жамаар нь сэргээж зохистой хэмжээнд хүргэх, цэнгэг усны экосистемийг хамгаалах зорилго тавьж иржээ. Нэг улиралд 2.5-3 см урттай 500 мянган ширхэг жарамгай өсгөвөрлөн бойжуулах хүчин чадалтай тэдний лаборатори нь 1.8 тн багтаамжтай хоёр ган, Хулдын овгийн загасны түрс өсгөвөрлөх дөрвөн инкубаци, эх сүрэг байршуулах гурван бассейнтай. Мөн 100-1000 дахин өсгөх хүчин чадалтай гэрлийн микроскоп, лабораторийн жин зэрэг загас үржүүлэг, туршилт судалгааны ажлуудад шаардлагатай тоног төхөөрөмж, багажуудаар бүрэн тоногложээ. Судалгаа, шинжилгээ, загас өсгөвөрлөн бойжуулах ажлыг Монголын агнуурын загас холбооны загас судлаачид гүйцэтгэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.