images

АНУ: Онгоцны үйлчлэгчийн дүрээр 100 гаруй удаа үнэгүй зорчжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-06-17


   Нисэх онгоцны үйлчлэгчийн дүрд хувирч зургаан жилийн хугацаанд онгоцоор 120 гаруй удаа үнэ төлбөргүй ниссэн америк эрийг шүүх буруутай гэж үзсэн байна. “Тhe Washington Post” сонины мэдээлснээр, Флорида мужийн шүүх саяхан 35 настай Тайрон Александр гэх этгээдийг дээрх хэргээс гадна утсаар залилан хийсэн, хуурамч хаяг ашигласан зэрэг таван хэрэгт буруутай гэж үзэн ял оноожээ. Тухайлбал тэрбээр 2018 оноос өнгөрсөн он хүртэл агаарын тээврийн компанийн системд хуурамч мэдээлэл оруулж, онгоцны үйлчлэгчийн дүрээр 120 гаруй удаа үнэгүй зорчсон байна. Агаарын тээврийн компаниуд маркетингийн бодлогоор өрсөлдөгч компаниудын нисгэгч, үйлчлэгчдэд үнэ төлбөргүй үйлчилдэг журмыг овжин ашиглажээ. Тэрбээр онгоцны үйлчлэгчийн үнэмлэхний дугаар, ажилласан огноог хуурамчаар үйлдэн дотоод системд нь нэвтэрч, Атланта, Даллас, Лас Вегас, Лос Анжелес болон бусад хотууд руу агаарын тээврийн дөрвөн компанийн онгоцоор үнэгүй зорчсон байна. Харин өнгөрсөн жил түүнийг Сан Францискогийн олон улсын нисэх онгоцны буудалд Spirit Airlines компанийн онгоцны үйлчлэгчийн дүрд хувирч Австрали руу зорчих гэж байхад нь саатуулан баривчилжээ. Гэмт этгээд өмнө нь хоёр агаарын тээврийн компанид онгоцны үйлчлэгчээр ажиллаж байгаад ажлаасаа халагдсан байжээ. Үүнийхээ дараа Alaska Airlines” компанид онгоцны үйлчлэгчийн ажилд орох хүсэлтээ өгөөд байсан аж. Агаарын тээврийн компанийн дотоод журмыг ийнхүү буруугаар ашигласан тохиолдол анхных биш юм. 1970-аад онд Америкийн зартай гэмт хэрэгтэн Фрэнк Абагнейл нисгэгчийн дүрээр олон арван удаа үнэ төлбөргүй зорчиж байсан бөгөөд хожим энэ тухайгаа "Чадвал намайг бариарай" нэртэй ном бичиж, уг номоор Холливүүдэд кино хүртэл бүтээж байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.