images

Гиннесийн номонд орсон Хакүхогийн 5 рекорд

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2025-06-03


   Японы сүмо бөхийн холбооны Захирлуудын зөвлөл өчигдөр хуралдаж, мэргэжлийн сүмогийн 69 дэх аварга Хакүхо буюу Миягино оякатагийн тус холбооноос гарах хүсэлтийг хүлээн авч ёсоор болгосон билээ. Ингэснээр мэргэжлийн сүмо дахь Хакүхо М.Даваажаргалын 24 жилийн замнал өндөрлөж байна. Өнгөрсөн хугацаанд тэрбээр хүн давтахад бэрх олон дээд амжилтыг сүмогийн ертөнцөд тогтоосон билээ. Тэдгээрээс тав нь Гиннесийн номд бичигдэн үлдсэнийг уншигчдадаа толилуулж байна.      

1. Мэргэжлийн сүмод 45 удаа түрүүлсэн. Хакүхо анхны түрүүгээ сүмод элссэнээс хойш зургаан жилийн дараа буюу 2007 онд авсан бөгөөд хамгийн сүүлд 2021 оны долоодугаар сарын башёд нэг ч уналгүй 15 давж түрүүлсэн юм. Сүмогийн нэгдсэн статистик үзүүлэлтэд түүний ард аварга Тайхо 32, Чиёнофүжи 31, Асашёорюү 25, Китаноүми 24 даваатай жагсаж байна.

2. 84 буюу хамгийн олон башёд ёкозүна цолтой барилдсан. 14 жилийн турш энэ цолыг хадгалсан түүний амжилтыг өмнө нь Китаноүми аварга эзэмшиж байв. Китаноүми 1974-1985 онд 63 башёд аварга цолтой барилджээ.

3. Мэргэжлийн сүмод нийтдээ 1187 давсан. Энэ нь 2001-2021 он буюу сүмод барилдсан нийт 20 жилийн хугацааны үзүүлэлт юм. 1988-2011 онд барилдаж байсан оозэки Кайоогийн амжилт 1047 бөгөөд түүний дараа ёкозүна Чиёнофүжи (1045), комүсүби Оошио (964), ёкозүна Китаноүми (951) ордог.

4. Дээд зиндаанд 1093 давсан. Хакүхо сүмод орсноосоо хойш гурван жилийн дараа буюу 2004 онд дээд зиндаанд дэвшсэн. Үүнээс хойш нийтдээ 1292 барилдсаны 84.6 хувьд нь ялжээ. Өөрөөр хэлбэл дээд зиндаанд ердөө 199 удаа өвдөг шороодсон гэсэн үг юм. 1960-1971 онд барилдаж байсан домогт Тайхо аварга дээд зиндаанд 890 барилдсаны 83.8% хувьд нь буюу 746-д нь давж, 144-д нь унажээ.  

5. Нэг ч уналгүй 16 башёд түрүүлсэн. Хакүхо 2007 онд гурав дахь удаагаа түрүүлэхдээ нэг ч уналгүй 15 давжээ. Үүнээс хойш 15 удаа 15 давсан гэсэн үг. Нэг ч уналгүй түрүүлсэн үзүүлэлтээр түүний дараа жагсах хүн нь 1936-1943 онд барилдаж байсан Фүтабаяма аварга (8) юм. Гэхдээ башё 15 өдөр үргэлжилдэг болсон нь 1949 оноос хойш бөгөөд энэ хугацаан дахь амжилтын эзэд нь Тайхо (8), Китаноүми (7), Чиёнофүжи (7), Асашёорюү (5) ажээ.

   Гиннесийн номд ороогүй боловч сүмогийн түүхэнд Хакүхогийн тогтоосон дээд амжилт хэд хэд бий. Тэдгээр нь дараалан долоон башёд түрүүлсэн, нэг жилийн дотор 86 даваа авсан гэх мэт байна.       

Гэрэл зургийн эх сурвалж: Asahi Shimbun/Getty Image

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.