images

НҮБ-ын хурал Монголд 10 хоног үргэлжилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-06-02


  Дэлхий даяар цөлжилт, газрын доройтолд өртсөн нутаг орныг сэргээх, нэмж доройтохоос сэргийлэхэд чиглэсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцэд 197 улс нэгдэн орсон байдаг. Эдгээр орнууд жилд нэг удаа өндөр түвшний уулзалт, сайд нарын хэлэлцүүлэг, олон талт оролцогчдын форум, шинжлэх ухаан бодлогын уялдаа, инноваци, шийдэл, технологийн талаарх сэдэвчилсэн хэлэлцүүлэг бүхий бага хурал зохион байгуулдаг билээ. Тэгвэл ээлжит 17 дугаар хурал ирэх оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд манай улсад зохион болно. Хоёр долоо хоног үргэлжлэх чуулганд бэлтгэх зорилгоор Засгийн газраас Үндэсний хороо нэг, 12 дэд хороо байгуулж, байгаль орчин, хөдөө аж ахуйн өсөлт хөгжлийг дэмжих хэд хэдэн үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Ирэх жилийн COP17 хурал нь манай улсын санаачилгаар НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас зарласан “Бэлчээр ба малчдын олон улсын жил”-тэй давхцаж байгаагаар онцлогтой. Иймд хуралд ирсэн НҮБ-ын гишүүн орнуудыг бэлчээрийн тогтвортой менежментэд хөрөнгө оруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, малчдын зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахыг уриалахаар төлөвлөсөн байна. Мөн өнгөрсөн жилийн Саудын Арабт болсон хурлаар шийдэж чадаагүй гангийн эсрэг тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх протокол байгуулах эсэх асуудлыг энэ хурлаар эцэслэн шийднэ. Сонирхуулахад, 2023 оны хурлаар дэлхийн 80 улсын гангийн эсрэг тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэхэд 12.15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт амлаж, хууль ёсны газар эзэмшлийн эрхийг хамгаалах, бэлчээр, хээрийн экосистемийг хамгаалах, хуурайшилт, тоос шорооны шуурганы эсрэг арга хэмжээ, уугуул иргэд, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх  асуудлууд дээр улс орнууд санал нэгдсэн юм.

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.